Монгол малын сүүний онцлог шинж чанар

2020/02/19
Монгол малын сүүний онцлог шинж чанар

Хонины сүү: Тослог ихтэй, өтгөн, чихэрлэг, сүлрэх чанараараа илүү. Хонины сүүг чанартай гэж үздэг.
Хонины сүү нь хий дарах боловч зүрхний өвчин, шар ус, амьсгал амаргүй болох зэрэг өвчин үүсгэнэ. Хонины сүү нь үнээний сүүнээс тос уургийн агууламжаараа 1.5-2 дахин илүү байдаг ба хүчиллэг их тул гашилж бүрэлдэх нь харьцангуй удаан байдаг. 1л хонины сүү 2 л үнэний сүүтэй тэнцэнэ.


Хонины сүүгээр бяслаг хийх, тараг бүрэх, айраг исгэх, архи нэрэх, ээзгий, ааруул хийх, шар тос авах ба өрөм хураах зэрэг уураглаг идээ үйлдэхэд тохиромжтой. 


Монгол хонь нь номхон, эзэндээ амархан дасдаг, саах тусам сааль сүү нь арвиждаг буянт мал бөгөөд хургаар ивэлгэн саахад саалийн хоёрхон сарын хугацаанд 30 орчим литр буюу хоногт 0.2-0.5 литр сүү өгдөг. 
Ямааны сүү: Сүү нь шингэн цэхэрлэг өнгөтэй. Химийн найрлага, тэжээллэг чанараараа үнээний сүүтэй ойролцоо. Шингэн тослог багатай, сүлрэх нь хониныхоос арай дутуу.


Ямааны сүү нь хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхуалт, цусны өвчин, шарын халуун зэрэгт сайн. Мөн таван цулыг шимшүүлж, тамирыг тэжээн хий огшуулалт, ходоодны өвчин ба бөөрний өрөвслийг эмнэх чадвартай. 


Уургийн хэмжээ нь үнээний сүүнээс бага болохоор голдуу айраг, тараг исгэхэд сайн эх материал болдог.
Мөн бяслаг, ааруул, ээзгий хийнэ. Цай сүлэхэд хамгийн сайн. 
Ямааны сүүний тараг нь сарлаг, хонины сүүнийхийг бодвол сулавтар бүрэлдэлттэй боловч гойд амтлаг бөгөөд дангаар нь идэхэд элэг цөс, ходоодны олон ужиг өвчнийг түргэн илаарьшуулдаг.
Ямаа нь хоньтой харьцуулахад сүүний гарцаар нэмүү арвин ба саах тусам сүү ордог буянт мал бөгөөд саалийн хугацаанд 50-60 литр сүү өгдөг.


Сарлагийн сүү: Хурц чанартай, тослогийн хувьд бусад малын сүүнээс хавьгүй их, чихэрлэг, сүлрэх нь хонь, ямааны сүүнээс ялимгүй дутуу. Сарлагийн сүү хий дарах боловч бадгана, шар өвчин үүсгэнэ.
Сарлагийн сүүний өрөм нь бараг 2 хуруу зузаан /3-4 см/ арвин байдаг. Түүнийг хайлуулж, шар тос эсвэл тэр чигт нь гүзээнд савлаж агааргүй болтол нягтруулан дагтаршуулж исэлдүүлэн цагаан тос хийнэ. Мөн сэрүүн, сүүдэр газар хатааж хадгална. 3-н жил хадгалсан сарлагийн шар тосыг эмэнд тооцдог.
Сарлагийн сүүний тараг нь маш нягт бүрэлдэлттэй элэг мэт болдог тул шим тэжээл өндөр, элдэв чийг бамын эсрэг үйлчилгээтэй болно. Ийм учраас сарлагийн сүүний тараг нь монголчуудын хамгийн дуртай идээ юм.
Монгол үнээний сүү: Сүүнийхээ гарцаар сарлагаас илүү боловч бусад малын сүүнээс шингэн, тослог нь хонь, ямааны сүүнээс багавтар, чихэрлэг багатай, сүлрэх чанараараа бусад малынхаас дутуу. Гэвч шим тэжээллэг, илчлэг чанараар тэгш сайн учир өдөр тутмын хоол ундаанд маш тохиромжтой гэж үздэг. Үнээний сүүний шим төгөлдөр тул, уушгины архаг өвчинг арилгана. Зарим тохиолдолд гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний сүү цэвэр, түүхий сүү илүү тохиромжтой. Мөн улаан монгол үхрийн халуун сүүгээр чийг бам, ядаргаа, сульдаа, дотрын элдэв хууч өвчнүүдийг анагаан эмчилдэг.

Энэ сүүний тараг, аарц маш өвөрмөц сайхан амттай байдаг тул монголчуудын хамгийн дуртай хоол болдог. Энэ малын сүү нь монголчуудын цагаан идээний хэрэглээний дийлэнх хэсгийг эзэлдэг.
Ингэний сүү: Энэ сүү нь тос, уургийн агууламжаар маш баялаг /тос 6.5%, уураг 4.8-5.2%/, В,С аминдэмээр үнээний сүүнээс их, уургийн бүрэлдэхүүн дэх ээдэмцэр, альбумины харьцааны хувьд гүүний сүүтэй ойролцоо. 


Ингэний сүүг боловсруулж цагаан идээ хийх нь харьцангуй бага ч түүгээр ундаа, бяслаг, цагаан тос, шар тос, ааруул, өрөм хийж айраг исгэж авахаас гадна аарц зэрэг бүтээгдэхүүн боловсруулж болдог.


Ингэний сүү нь хий, бадгана, гэдэс дүүрэх, хаван зэрэгт тустай ба эмчилгээний онцгой ач холбогдолтой. 
Гүүний сүү: Гүүний сүү нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн шорволог амттай. Гүүний сүүгээр голдуу айраг хийдэг. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна.


Өтгөн, шингэний хувьд монгол үнээний сүүтэй ойролцоо, тосны хувь багавтар, харин чихэрлэг нэлээд их тул гүүний сүүгээр цай сүлдэггүй, боловсруулж цагаан идээ хийдэггүй. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог. 
Гүүний сүүний уургууд нь зонхилон үл орлогдох амин хүчлүүдээс бүрдэх тул шим тэжээлийн хамгийн төгс чанартай бөгөөд эс, эдийг нөхөн төлжүүлдэг бодисын солилцоог эрчимжүүлдэг, нялх бие махбодийн өсөлтийг тэтгэн, элдэв ор, харшлыг номхотгон дарангуйлагч увьдаст чанар бүхий лизин, гистидин, метионин зэрэг амин хүчлүүдийн агууламжаар бусад малынхаас үлэмж давуу /уургийн цэвэр жингийн 11.0-11.2% / байгаа нь түүний эмчилгээ сувилалын өндөр ач холбогдолтой.


Гүүний сүүний тос нь түүний агууламжийн 1.8-2.2 шахам хувийг эзлэх бөгөөд онцлог нь түүний уурган бүрхүүлт бөмбөлөг нь бусад малынхаас маш жижигхэн, хоол боловсруулах эрхтэний эсийн ханаар нэвчин шингэх боломжийг бүрдүүлдэг тул бодисын солилцоог хурдасгадаг.


Гүүний сүү, айргийг олон төрлийн өвчин, эмгэгийн эсрэг эмчилгээ, сувилгаанд эрт дээр үеэс ашиглаж ирсэн. Айргийг зөв зохистойгоор ууж амрахад тамир тэнхээ хурдан сэргэдэг.

Монгол малын сүүний онцлог шинж чанар  
Асгат ОНӨААТҮГ Facebook